Аав аа, охин нь таньдаа хайртай шүү
Аав хүн, эцэг хүн гэдэг гэрийн түшиг тулгуур, багана нь байдаг. Цаг, өдөр, сар, жилээр холдон байх аавдаа би хэлж чаддаггүй юмаа хичнээн их хайртайгаа. Цээжинд дүүрч ирдэг юм хааяа даа, хайрлан өсгөсөн он жилүүдийн өдөр бүрийн тоогоор хажууд нь байж эрхлэн үнсүүлмээр тийм мэдрэмж, буруудаж зэмлүүлсэн өдөр бүрийн тоогоор энгэрт нь тэврүүлж нялхармаар тийм мэдрэмж, өдий 20 хүрсэн байтлаа өвөр дээр нь сууж хошуугаа унжуулчихаад аргадуулан суумаар тийм мэдрэмж.
Эр хүн уйлдаггүй юм гэж олон хүн хэлдэг ч эцгийгээ би нулимс унаган суухад нь эр хүн биш үү дээ гэж биш харин хатуу хөтүү ихтэй, хагацал зовлон олонтой харгис хэрцгий хорвоогийн жамыг хэр их тэвчсэндээ өнөөдөр нуун нуун, залгин залгин байсан нулимс нь хацрыг нь, ханхар биш ч хүч урам дүүрэн цээжийг нь, харахад хахир гэмээр ч хайр дүүрэн байдаг зүрхийг нь зүсэн зүсэн урсаж байгаа даа гэж бодохоос элэг эмтрэн, энгэр цээжээ даран буруу хараад суух босохын аль ч үл хийж чадан нулимсаа залгин байдаг.
Олон хүүхэдтэй айлын том хүү, миний аав. Хамаатан садангийн хол дээр гэж үг байдаг, хааяа бодохоор нээрээ тийм ч юм шиг. Олон дүү нартайн хувьд татлаа, түтлээ мундахгүй ч миний аав шиг мундаг хүн хаа ч үгүй шүү гэж би боддог юм. Наймын найман хүнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгч амьдралтай болгосон хүн гэхээр тэгж бодохгүй ч байхын аргагүй. Дээрээс нь уужуу тайван ухаантай, алс амьдралын хараатай, буурь суурь сайтай, буруу зөвийг тунгаах нь биширмээр, урлаг спортод авъяастай, уран бүтээлч сэтгэлгээ өндөртэй, тал талын зүтгэлтэй гээд миний аав ер нь мундаг. Дөч гарсан гэхэд дөнгөж хорьтой мань мэт шиг л дэрвэж гүйж ирээд гэргийгээ болох ижийд минь гижигдүүлэн инээд алдах нь тун ч хайр хүрмээрсэн.
Маматай болсон ээжтэй минь муудалцчихаад төд удалгүй малийтал инээд алдаж ирээд гэдсийг нь илээд жуумалзаж нэг харчихаад шоб хийтэл үнсчих нь хичнээн инээдтэй, хичнээн хайр татам гэж санана. Хаалга татан орж ирэхэд хэрэг тарьсан хүүхэд шиг буруу хараад суучихсан ээжид загнуулж байж хээв нэг тоох ч үгүй ход ход инээгээд, хөөрхөн ирмээд байдаг их эгдүүтэйсэн. Үргэлж сайн сайхан байдаггүй хорвоо хойно үхэл хагацал дайрч амь болсон ижий нь өнгөрөхийн цагт аавтайгаа би хамт байж чадаагүй юм. Маргааш нь би очсон юм даг, майлаан уйлаан болж хүн бүр нус нулимстайгаа холилдон байхад миний л аав тэнд том хүүгийнхээ буурийг заагаад тэвчиж бармааргүй нулимсыг тэгэхэд аав минь дотогшоо залгиж байсан юм. Өмөлзөн өмөлзөн өмнөөс нь шимширч суухдаа би хожмын нэг өдөр хорвоо энэ хүнийг аваад явахад хийж бүтээсэн зүйлгүй үдвэл хаашаа нүүрээ хийнэ дээ хэмээн бодож амжаад нүд рүү нь эгцэлж харж чадалгүй, нүүрлэсэн гайг нь дарж чадахгүй ч нүүдэллэн ирэх зовлонг нь бага байлгахсан гэж санаад нимгэн цамцныхаа ханцуйнаас атгаад нулимсаа арчиж байсансан. Хүрэх үгүйг мэдэхгүй ч хамгаас хайртай охин чинь, итгэл найдварын од чинь таньдаа ийнхүү бичлээ. Хэлэхийг хүссэн үгсээ хэлхэн байж төгсгөе, надад хүсдэг хүлээдэг гэрэлтэй ирээдүй бүхэнд тань охин нь заавал хүрнэ ээ, тэдгээрт хүрэх зам нь харин таны минь хайр халамж, ухаарал зэмлэлийн үгсээрээ урласан урт дардан зам байх болно. Үргэлж хэлж чаддаггүй ч одоо би хэлье, үнэн бүхнээр өндрөөс өндөр индэр хийгээд өөрөө би дээр нь гараад одоо хэлье, хязгаар гэж үгүй зүйлсээр хэмжээсийг нь би хийгээд хэлье... ААВАА ОХИН НЬ ТАНЬДАА ХАЙРТАЙ ШҮҮ...






